Wednesday, October 21, 2009



Өнгөрсөн бямба гаригт БХИС- ийн оюутнуудын сууж явсан “ЗИЛ-130” маркийн автомашин онхолдон нэг хүн нас барж, цуг явсан оюутнууд нь хөнгөн
болон хүнд гэмтсэн. Дээрх хэргийн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ынхан очиж анхны тусламж үзүүлсэн байна.
Тэднийг очиход ослын газарт байдал ямар байсан талаар тус бүлгийн гуравдугаар тасгийн эмч Д.Хонгороос тодрууллаа.


-Ослын дуудлага танайд хэдий үед ирсэн бэ. Хэргийн газар нэлээд хожимдож очсон гэсэн, юунаас болсон бэ?
-Дуудлагыг ОБЕГ-ын гамшигтай тэмцэх газрын дарга Цогтбаатар бямба гаригийн 14 цаг 48 минутад манайд өгсөн. Цогтбаатар гуайн хүү осолдсон автомашинд явсан юм билээ. Төв аймгийн Алтанбулаг сумын Гангын давааны замд “ЗИЛ-130” маркийн машинтай явж байсан оюутнууд осолдлоо гэсэн дуудлагын дагуу 15:55 минутад манай ажлын хэсэг гарсан. Цаг гаруйн дараа ослын газар очсон. Осолдсон газрыг яг сайн тодорхой мэдэхгүй, хэргийн газрыг зөв зааж өгөөгүйгээс бага зэрэг цаг алдаж очсон.

-Ослын газар очиход байдал ямар байв?
-“ЗИЛ-130” машин онхолдоод хөмөрчихсөн байсан. Машинд ачиж явсан эд зүйлс шидэгдэж, газраар нэг тарчихсан байв. Оюутнуудтай хамт “ГАЗ-66” автомашинтай хүмүүс явсан юм билээ. Тэр хүмүүсээс оюутнуудыг авраад, уулан дээр гаргаж, анхны тусламж үзүүлсэн байна. Биднийг үзлэг хийхэд гурван хүн нуруу нугас, аарцагны хүнд гэмтэлтэй байв. Нэг хүнийг хүнд гэмтсэн гээд “ГАЗ-66” автомашин дээр гаргасан байсан. Тэр хүнд үзлэг хийхэд нас барчихсан байсан. Хүнд гэмтсэн гурван хүндээ өвчин намдаах тариа хийж анхны тусламж үзүүлсэн. Эмнэлгийн түргэн тусламжийн машин болон Цэргийн клиникийн төв
эмнэлгийн машинаар хүмүүсээ авчирсан. Нийт 14 хүн явсанаас 11 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн.

-Машин юунаас болж осолдсон юм бол?
-Одоогоор ослын шалтгаан нь тодорхой болоогүй байгаа. Замын цагдаагийнхан шалгаж байгаа. Осолдсон оюутнуудын өөрсдийнх нь ярьж байгаагаар машин онхолдоод хоёр, гурав өнхөрсөн гэсэн. Эхний өнхрөлтөөр машины тэвшин дээр сууж явсан хүмүүс нь шидэгдсэн гэж ярьсан.

No comments:

Post a Comment