Wednesday, October 21, 2009

Хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа: Монголын хөлбөмбөгийг хөлбөмбөг сонирхогчид л авч явж байна

-Тайлбарлагч болсон тухайгаа яриач? Хэзээнээс хөлбөмбөгтэй холбогдов?
-Хөлбөмбөгийг би 1998 оноос хойш л сонирхож эхэлсэн дээ. 1998 оны дэлхийн аваргаар Майкл Оуэнийг харчихаад л түүн шиг тоглодог болох юм сан гэж боддог болоод Эрдэнэтийн
"Хангарьд" клубд тоглох болсон. Дараа оюутан болсноосоо хойш "Хоромхон" клубд тоглодог болсон. Тэгээд 2002 оноос анх юм бичиж байвал зүгээр юм байна гэж бодох болсон. Харин яг тайлбарлагч гэвэл нэгдүгээр курст байхдаа Одод студид анхны Европын аваргыг Тамираа ахтай тайлбарлаж байсан. Тухайн үед маш их сандараад л, мэддэг юмаа хүмүүст буруу талаас нь ойлгуулчих гээд л их хэцүү л байсан даа. Дараа нь Афины олипмыг тайлбарлаад л ерөнхийдөө тайлбарлагч гэдэг утгаараа ажиллаж эхэлсэн. Хамгийн анхны том тэмцээн гэвэл 2006 оны ДАШТ байлаа. Тэгээд хамгийн амжилттай нь өнгөрсөн жилийн олимпыг UBS телевизээр тайлбарласан гэж хэлж болох юм.

-Тайлбарлагчид өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ талаар?

-Анх тайлбарлаж эхэлэхдээ би "Хүмүүст ер нь ямар тайлбар хэрэгтэй юм бол" гэж боддог байсан л даа. Олон ч хүмүүсийн тайлбаруудыг сонсож үзсэн. Тэгээд Монголд магтаалийн үг ер нь цөөн байдаг юм шиг санагдсан. Тэгтэл харин Англи хэлэнд л гэхэд маш олон байдаг юм билээ. Дээрээс нь спортынх нь онцлогоос хамаарч байсан л даа. Манай үндэсний бөхөд хэрэглэгддэг үгнүүд өөр, гадаадын хөлбөмбөгт хэрэглэгддэг үгнүүд өөр байгаа юм. Тиймээс эхний ээлжинд хүмүүст хоногшхоор хэдэн үг хэлье гэж бодсон. Жишээ нь анх "гоё цохилт байна" гэдэг үгийг сонгож хэрэглэхэд хүмүүс нэлээн нааштай хүлээж авсан. Тэгээд л дараа нь “Од нь юм аа" гэх мэтчилэн жижиг гэлтгүй л сайн хийхийг зорьсон доо.

-Ойрд юу хийж байна?

-Ойрын үед хөлбөмбөг тайлбарлахгүй байгаа. Тэмцээн уралдаан ч нэг их болохгүй байна. Тэгээд одоохондоо номон дээрээ л ажиллаж байна даа. Би чинь энэ номоо 2002 оноос гэхээр бараг долоон жилийн өмнөөс төлөвлөсөн гэж болно. Тэгээд засвар зэрэг зүйл хийж явсаар байгаад жилийн өмнөөс л яг ном хийх ажилдаа, өөрөөр хэлбэл эх бэлтгэлдээ орсон л доо. Эх бэлтгэл нь ер нь их хүнд байсан. Яагаад гэвэл зураг схем буюу уншихаасаа үзэх зүйл ихтэй болохоор бараг таван cap гаруйг зарцуулаад ивээн тэтгэгч гээд бусад зүйлийг хөөцөлдөж явсаар өдийг хүрчихлээ. Номонд маань 4 эх бэлтгэгч, 4 орчуулагч ажилласан. Уул нь бол өнгөрсөн жилийн зун гаргана гэж телевизээр ярьж байсан л даа. Тэгээд үзэгчид, хөлбөмбөг сонирхочдоосоо уучлалт гуйж байна.

-Ямар агуулгатай ном гарах гэж байгаа юм?

-Агуулга гэвэл манай сэтгүүлчид, хөлбөмбөг тайлбарлагчид гадаадын тоглогчдын нэрийг янз янзаар зөв буруу дууддаг л даа. Тэгээд үүнийг яг хэрхэн зөв дуудах вэ гэдгийг оруулсан байгаа. Ер нь спортын сэтгүүл зүй гэдэг чинь сүүлд бий болсон саяхны зүйл болохоор бидэнд дэлхийтэй хөл зэрэгцэх боломж ойрхон байгаа юм. Тийм учраас эхний ээлжинд энэ зөв буруу дуудагддаг хөлбөмбөгийн тоглогчдын нэрүүдийг цэгцлэх, зөв болгох талаас нь ажиллая гэж бодсон юм. Жишээ майкл гэдэг нэрийг бид Англиар Майкл гэдэг дуудаж болж байхад ийм нэртэй Герман тоглогчийг Михайл гэж дуудахаас өөр ямар ч арга байхгүй.

-Зөвхөн нэрний талаар оруулсан юм уу?

-Үгүй л дээ. Номны маань өөр хамгийн гол хэсэг гэвэл багуудын тактикийн тухай байгаа юм. 2002 оноос хойш миний цуглуулсан, мэдснээр буюу давхардаагүй тоогоор багийн 128 өөр тактикийн тухай энэ номонд орсон байгаа юм. Энэ нь Европийн аваргын юм уу, дэлхийн аваргын буюу дандаа улсын шигшээ багийн тактикууд байгаа. Ер нь яагаад ийм тактикууд чухал вэ гэхээр Монголд мэргэжлийн дасгалжуулагч бараг байдаггүйтэй холбоотой л доо. Улсын шигшээ багийн дасгалжуулагч Ш.Отгонбаяр гэж Украйнд төгссөн ганц хүн байгаа. Тэр хүн шигшээ багийг олон жил дасгалжуулж байна. Харин клубууд болон бусад багууд гэхээр өөрсдөө тоглож байгаад л дасгалжуулсан, нэг ёсны хараар сурсан хүмүүс байдаг. Тиймээс дэлхий том багуудын тактик ямар байдаг талаар мэдээлэл өгөх зорилготой хийсэн дээ.

-Нэрүүдийг зөв дуудах ном гаргахад олон нэр судлах шаардлага гарсан байх?

-Анх номоо хийх санаа төрснөөсөө хойш л судалж эхэлсэн л дээ. Тэгээд Баабар гуайгаас том зөвлөгөө авсан л даа. Тэр нь юу вэ гэхээр "Тухайн улсын хэлийг тэр улсын хэлний хувиргалтаар нь л дуудах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол дөхүүлж дуудах ёстой" гэх мэтчилэн маш олон зөвлөгөө авсан л даа. Тэр нь намайг ерөнхийдөө зөв зам руу чиглүүлж өгсөн гэж хэлж болно. Тэгээд эхлээд Европийн улсуудын хэлийг судалж үзээд, дараа Африкийн улсууд, Африкийн улсууд гэхээр албан ёсны ихэнх хэл нь Франц байдаг, ганц хоёр улс нь Португал, Англи байдаг. Тэгээд хамгийн сүүлд судалсан Въетнам, Хятад зэрэг Ази хэлүүд их хэцүү байсан даа. МУИС-ын гадаад хэлний багш нартай их уулзсан даа. Тэгээд үнэнээр манайд төдий л байхгүй хэлүүдийг бол нутгийн хүмүүстэй нь уулзах зайлшгүй шаардлага гарсан л даа. Тэгээд элчин сайдын яамдаар нь яваад, хайгаад олж уулзаж л байсан л даа. Гэхдээ л ханзтай хэлнүүд их асуудалтай юм билээ. Тиймээс хэлний тал дээр яг 100% гэхгүй ч өндөр хувьтай л хийсэн гэж бодож байгаа.

-Шантрах тохиолдол гарч байв уу?

-Зөндөө л байсан. Нэг хэлийг судлаад овоо явж байв уу гэтэл нөгөөдөх нь бүр буруу болж таардаг. Тэгээд бүгдийг ахиад эхнээс нь эхлэх ч юм уу ер нь бэрхшээл бол их байсан.

-Тайлбарлагч болон дасгалжуулагч нарт зориулагдсан гарын авлага гэж ойлгож болох уу?

-Яг гарын авлага гэж болохгүй л дээ. Тактик, нэр гээд олон зүйл орсон цогц ном болж байгаа юм. Мөн миний номонд түүхийн хэсэг байгаа. Энэ нь алдартай тамирчдын түүхийг оруулсан хэсэг юм. Дээр дурьдсан багийн тактиктай адил 128 алдартай тамирчны нэрсийг оруулсан.

-Номоо юу гэж нэрлэсэн бэ?

-Номоо "Миний мэдэх хөлбөмбөг" гэж нэрлэсэн. Ер нь бол миний мэдэх л зүйлүүд байгаа болохоор тэгж нэрлэсэн. Би судалж байсан л даа. Спорт гэхээр манайд голцуу үндэсний бөх, чөлөөт бөх зэргээс бусад нь орчуулгын номууд л байдаг юм билээ. Тэгээд хамгийн гол нь энэ орчуулгын номууд хүмүүст хэр өгөөжтэй, сургалт талаасаа ч гэх юм уу их дутагдалтай санагдсан.

-Яагаад зөвхөн хөлбөмбөг гэж?

-Би чинь өөрөө хөлбөмбөг тоглодогоос гадна миний хамгийн сайн мэддэг спорт бол хөлбөмбөг л дөө. Яахав дараа нь бусад спортоор иймэрхүү ном гаргана гэж бодож байгаа.

-Түрүүн "эхний ээлжинд" гэж ярьсан. Цаашдаа тэгвэл хөлбөмбөгөөр ямар номууд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм?

-Хөлбөмбөгөөр цаашдаа номууд гаргаж болж байна л даа. Түүхийн ч юм уу, хүүхдүүдэд зориулсан сургалтын ч юм уу. Яагаад эхний ээлжинд энэ номыг гаргахаар шийдсэн гэхээр одоо Монголд энэ нь илүү хэрэгтэй байгаа болов уу гэж бодсон юм. Сэтгүүлч хүний яриа хамгийн түрүүнд хүмүүст хүрдэг шүү дээ. Тийм учраас эдгээр хүмүүс эхний ээлжинд хөлбөмбөгийн тактик, нэр, түүхийн тал дээр сайн мэддэг, алдаггүй болоосой гэж бодож л оруулсан даа. Ер нь энэ тактикийн тал дээр ярих юм бол интернет дээр тэр болгон байхгүй. Байлаа гэхэд ерөнхий байдаг. Гэхдээ манай тайлбарлагчид одоохондоо ном гарах гэж
байгаа гэхээс яг ийм ном гарна гэж байгаа гэж мэдээгүй байгаа.

-Сургалтын ном гаргах бодол байгаа юм уу?

-Сургалтын номыг үндэсний спортоор, жишээ нь бөхийн ном гаргаж болж байна. Харин хөлбөмбөг чинь гадаадын спорт болохоор зайлшгүй орчуулгын бүтээл болох бөгөөд харин дээр нь Монгол хүүхдүүдэд тохируулан гаргаж болно л доо. Ази, Европ зэргийг хэрхэн тоглодогийг судалж байгаад дундаас харьцуулаад гаргавал болно л гэж бодож байна.

-"Монголын Хөлбөмбөгийн Холбоо"-той хамтарч ажилласан юм уу?

-Хамтраагүй. Ихэнх хүмүүс мэдэж байгаа байх. "Монголын Хөлбөмбөгийн Холбоо" удахгүй 50 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тэгтэл одоо харахад энэ урт хугацаанд яг юу хийсэн нь мэдэгдэхгүй байгаа юм. Дэлхийн хөлбөмбөгийн гишүүн 208 улсаас 193-д нь хэвээрээ байгаад л байгаа. Азийн хамгийн чансаа муутай багуудын тэмцээн саяхан болоод хамгийн муу багууд болох Монгол Макао хоёр тоглоход манайх хожигдчихож байна шүү дээ. Дээрээс нь яагаад хамтрахгүй байна гэхээр энэ байгууллагатай урьд нь хамтарч ажиллаж үзсэн л дээ.

-Юун дээр хамтарч байсан юм?

-Би урьд нь хэвлэл мэдээллийг нь хариуцаж дотор нь ажилладаг байсан юм. Тэгээд зохиосон тэмцээн уралдааныг нь харж байгаа байх. Зохиосон болоод л өнгөрчихөөд байгаа. Харин МХХ-оос илүү "Дуулиан 2020", сонирхогчдын "Tiger league" гээд тэмцээнүүд тоглогчдынх нь ур чадвар л өөр болохоос менежмент, зохион байгуулалт хамаагүй сайтай болдог. Тиймээс МХХ-оос илүү Монголын хөлбөмбөгийг хөлбөмбөг сонирхогчид авч явж байгаа гэж болно. Үүнийг батлах бас нэг хамгийн тод жишээ гэвэл үндэсний лигт багууд 10, 20 саяар нь мөнгө зарцуулчихаад 3 сая төгрөгийн төлөө л тоглодог. Тэгэхээр цэвэр сонирхол дээр тулгуурладаг болох нь харагдана л даа.

-Тэгвэл Батзаяа гэдэг хүн Монголын хөлбөмбөгт цаашдаа юу хийхийг зорьж байна?

-Эхний ээлжинд энэ ном гарчихвал хүмүүсийн мэдлэгийн төвшин өөрчлөгдөнө гэж найдаж байна. Дараа нь би мөн сонин хийж байгаа, түүгээрээ хөлбөмбөгийн зөв мэдээллийг хүргээд, зөв мэдээллээр хангахыг хүсэж байна. Спортын салбарт ч гэх юм уу, ер нь аливаа юмыг хүмүүс эхлээд мэдэж байж л хөгжинө шүү дээ. Тэгээд цаашдаа вэб сайт, тэмцээн уралдаан зохиож болно л доо. Мөн дараа жилээс МУИС-д спортын чиглэлээр, тэр дундаа тайлбарлагчийн чиглэлээр багшлах төлөвлөгөөтэй байна.

-Сонингийн талаар?

-Сонингийн талаар гэвэл "Хөлбөмбөг" гэдэг сонин байгаа. Энэ сарын 20-оос гарч эхлэнэ. Ер нь 20-нд миний номны нээлт сонинтой цуг явагдана л даа. Тэр нээлтэндээ Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаас авахуулаад Монголын хөлбөмбөгийнхнийг урих бодолтой байна.

-"Миний мэдэх хөлбөмбөг"-гийн дараа ямар ажил төлөвлөж байна?

-Дараа нь хүмүүсээс клубуудийн тухай ийм ном гаргах санал ирэх л байх л даа. Гэхдээ хэрэв ийм ном гаргая гэж бодоход ахиад 2 жил гаруй хугацаа хэрэг болно гэж бодож байна. Гэхдээ үүнээс өмнө хөлбөмбөгийн дүрмийн ном гаргах бодолтой байна.

No comments:

Post a Comment