Wednesday, October 21, 2009

Сураг тасарсан такси







Аливаа улсын нийслэлийн нэрийн хуудсын нэг нь такси.
Ихэнх нь бөөрөндөө дөрвөлжин алаг шоотой. Ингэхэд таксигаараа алдаршсан нийслэл энэ дэлхий дээр олоон, олон. Тэр дундаа Парис бүүр алдартай. Бөөр алаг ийм машиндаа замын цагдаа нь давуу эрх олгоно. Тэнд зөвхөн такси, нийтийн тээврийн автобус хоёр зорчих эрхтэй замын эгнээ бий. Гэхдээ энд халтуурчдыг хориглодог юм биш л дээ. Гагцхүү тэд энэ эгнээ рүү хоншоороо ч цухуйлгах эрхгүй байдаг.

Ер нь соёлтой орны такси таних тэмдэгтэй, үнэ ханшаа хэлэх тоолууртай, жолооч нь тусгай хувцас формтой, хотынхоо түүх болоод зам, барилга байшин, албан байгууллагуудыг арван хуруу шигээ мэддэг, гадаад хэлээр ганц хоёр үг ойлголцчихдог, нэг ёсондоо жуулчдын хөтөч шиг нөхдүүд байдаг.

Тэгвэл манайд өөр. Одоо бараг энэ дэлхий дээр цорын ганц таксины үйлчилгээгүй нийслэл гээд хэлчихэд буруудахгүй байх. Таксины компаниуд тодорхой хугацааны дараа машинаа жолоочид нь шилжүүлснээр энэхүү үйлчилгээ нүд аньжээ. Одоо тэдний халааг халтуурынхан авсан байна.

Өнгөрсөн жил манайд зочилсон харь орны иргэдээс Монголд хамгийн хэцүү нь юу байв хэмээн асуухад танайд таксины үйлчилгээ алга гэжээ. Үнэн л дээ. Байхгүй юм чинь. Тэднийг нисэх дээр буухад нь тусгай тэмдэг бүхий таксины дэргэд дүрэмт хувцастай жолооч эелдэг нь аргагүй инээмсэглээд зогсч байна гэж үгүй. Түүний оронд хар бараан царайтай, амандаа тамхи зуусан, гадаад хэлээр ганц ч үг мэдэхгүй нөхөр жуулчны цүнхийг дээрэмчин шиг шүүрч аваад учир зүггүй машин руугаа чирнэ. Бас хүнээ булаацалдаад хоорондоо нармайгаа нээлцэх нь энүүхэнд. Бие биенээ нүдээд байгаа хүний машинаар нөгөө харийн хүн үйлчлүүлэхгүй гэж гүрийж үзнэ. Гэвч такси хэмээх унаа ойр хавьд нь харагдахгүй тул суухаас өөр аргагүй болдог. Суугаад хүрэх газраа ойлгуулах гэж их юм болно оо. Ядаж газрын зураг дээр Улаанбаатарын бүх гудамжийг англиар биччихсэн байдаг тул халтуур хийж яваа нөхөр түүнийг нь хэд хэд эргүүлж тойруулж үзээд ямар ч байсан хотын төв орох биз гэж таамаглан, ямар нэгэн зочид буудал бараадуулахаар шийднэ. Очоод бас зүгээр буулгахгүй. Хоёр гурав нугалсан мөнгө нэхнэ. Тэрбээр ганц сурсан "доллар" гэдэг үгээ хэлээд цаасан дээр тоо бичин хялаагаад суучихна даа. Тоолуур энэ тэр гэж байхгүй тул түүний хөлснийг өгөхөөс өөр аргагүйд хурнэ. Айдаг. Яагаад гэхээр энэ нөхөр нисэх буудал дээр нэгнийхээ хамрыг цааш нь чихэж орхисон болохоор бушуухан шиг салахын түүс болно. Мөн эрхэм жуулчныг машинаас буухад цав цагаан өмдний нь ар тал пад хар болсон байна. Тэрчлэн түүний биенд улаан тамхи нэвт шингэсэн байх нь энүүхэнд. Гэхдээ хялайж харсан, сахлаа хусаагүй, бараан царайтай, бадируун биетэй нөхрөөс амьд салсандаа бөөн баяр болдог.

Манай нийслэлийн "таксины" үйлчилгээ ерөнхийдөө ийм. Гадаадын битгий хэл монголчуудаасаа их мөнгө нэхнэ. Чухам нэг километрт хэдэн төгрөгөөр яваад байгаагийн учрыг үл олно. Тоолууртай такси цөөн хэд бий ч гачлантай нь хоёр километр явлаа гэхэд гурван километр туулсан заалт гардаг шидтэй. Учрыг сонсвол урд талдаа жижигхэн дугуй тавьдаг юм байх. Ингэснээр эргэлт нь түргэсээд мөнгөний тоолуур тун хурдан эргэдэг ажээ. Мөн тоолуурыг хурдан эргүүлдэг өөр ч олон арга байдаг гэнэ. Тиймээс тоолуур бүхий такси зогсоохоосоо өмнө хувиараа хүн зөөгчидтэй тохиролцоод явах нь хамаагүй ашигтай ч бас аюултай хэмээх хүн олон. Учир нь зүрх зүсэм аллага, дээрэм тонуулыг гагцхүү хувиараа тээвэр хийгчид үйлдсэн мэдээг цагдаагийнхан өгдөг. Ялангуяа согтуу хөлчүү хүмүүсийг эвтэйхэн янзална. Дээрэмдээд хаа нэгтэй хаядаг.

Бас хамгийн булай нь халтуурынхан Улаанбаатараа мэддэггүй. Аргагүй л дээ. Ихэнх нь хөдөөнөөс орж ирээд л мөнгө олохын тулд явж байгаа болохоор суурин иргэншлийн наад захын соёлыг мэддэггүй. Юун зам. Тиймээс Төв шуудан гэхээр мэддэггүй хүн байдаг. Төв номын сан гэхээр гөлрөөд зогсчихдог жолооч тун элбэг. Тэр ч бүү хэл Яармаг, Толгойт хоёроо ялгахгүй хүн таардаг. "120 мянгат" гэхээр "100 айлын" зүг аваад шуугих нь ердийн үзэгдэл. Тэгээд очих газрыг маань мэдэхгүй болохоор нь одоо баруун, одоо зүүн хэмээн яг сохор хүнд зам зааж байгаа юм шиг газарчилна. Гэтэл нөгөө жолооч баруун зүүнээ ялгахгүй ийш тийш нь мушгиад үнхэлцэг зүрх амаар гаргах шахна. Ингээд цагдаа таарвал үнэмлэх энэ тэр байхгүй тул тэрбээр хэрэлдээд суучихна. Бид ч буухаас өөр аргагүйд хүрдэг шүү дээ.

Ийм хүмүүст Ж.Самбуугийн Үндсэн хуулийн, Эрх чөлөөний гудамж гэх зэргээр очих газраа заах гэж бүү оролд. "Центаврын" тэмцээнд орж байгаа юм шиг болно шүү дээ. Түүнээс гадна машины өнгө үзэмж гэж авахын аргагүй юм байдаг. Энд тэндээ онхойж ёнхойгоод, осолдохгүй өөрөө явж байгааг нь хараад машин хэмээн таамаглана. Хаалганы нь бариулын оронд ихэвчлэн сур, мяндсаар оосор хийсэн байх. Эсвэл гаднаасаа онгойдог байхаар янзална. Манай зарим нэг нөхөр мөнгөө төлөлгүй үсэрч буух гээд байдаг учир ингэж хамгаалах арга хэмжээ авчээ.

Ийнхүү Улаанбаатар, улсын маань нийслэлийн нэрийн хуудас, өнгө төрх болсон "таксины" үйлчилгээ нэг иймэрхүү. Хэзээ бид Улаанбаатарынхаа гудамж талбайг арван хуруу шигээ мэддэг, ганц нэг гадаад үг хагас муруй хэлчихдэг, тусгай хувцас формтой, уургүй, инээдэг жолооч, гүйсэн километрээ яг тоолдог багаж төхөөрөмж бүхий бөөрөн дээрээ таних тэмдэгтэй такси хэмээх унаагаар санаа амар, айх аюул, мөнгөний хэрүүлгүй үйлчлүүлж эхлэх юм бүү мэд.

No comments:

Post a Comment