Wednesday, October 21, 2009

Хүнсний хомсдол хүрээгээ тэлсээр байна




Өнөөдөр Дэлхийн хүнс хомсдолын өдөр. Энэ өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт иргэд хүнсний хомсдолын эсрэг тэмцдэг билээ.
Дэлхий дээр 862 сая хүн өлөн зэлмүүн амьдарч байна. Тэднийг хүнсээр хангахын тулд наад зах нь 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Дэлхийн хүн амын тоо өдөр ирэх бүр өссөөр байгаа. Иймээс 2030 он гэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг одоогийнхоос 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай Нэгдсэн үндэсний байгууллага үздэг. Учир нь тус онд дэлхийн хүн амын тоо есөн тэрбумд хүрэх хандлагатай байгаа юм. Одоогоор дэлхийн хүн ам 6.9 тэрбумийг даван өсөж яваа. Хүн амын ихэнх хувийг хүүхэд залуус эзэлж байгаа. Өлсгөлөн хэмээх гамшиг Африк тивийг маш хүчтэйгээр хамарч олон хүүхэд залуус нас баржээ.
Өдөрт дэлхийн өнцөг булан бүрт 30 мянган хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхидог аж. Манай оронд ч хүнс хомсдолын аюул бага багаар нүүрлээд байна. өнгөрсөн жил энэ өдрөөр “Хүнс-эвсэл” холбоо энэ өдөртэй холбогдуулан мэдээлэл хийж байсан билээ. Тэд хотын захын хороололд тарчиг амьдралтай иргэд хэдхэн грамм цөцгийн тос, ширхэг талхны төлөө иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж байгаа тухай дурьдсан. Амьжиргаагаа залгуулахын тулд ногоо тарьж, амин зуулгын хэдэн малтай иргэд ч хүртэл хоосон хонох болсон аж. Үүнийг тэд судалж үзэхэд малчдын 80 гаруй хувь нь 200 хүрэхгүй толгой малтай, тариалан эрхлэгчид маш бага ногоо тарих талбайтай гэсэн үзүүлэлт гарчээ. Эдийн засгийн хямрал дэлхий дахиныг нөмөрсөн энэ үед дэлхийн буурай хөгжилтэй улс орнуудад хүнс хомсдол улам нүүрлэж байна.

No comments:

Post a Comment