Wednesday, October 21, 2009

86 настай хүний үс нь тас хар болжээ



Улаан-Уул сумын иргэн 86 настай А.Доржхандын цагаан үс нь тас хараар солигдож, сохорсон нүд нь хараа орж, шинээр дөрвөн араа ургасан байна.Хөвсгөл аймагт хөгшин хүнийг
залуужуулан анагаадаг ховор ургамал илэрсэн гэх сургаар манай улсын нэртэй төртэй маарамба дооромбууд бие биенээсээ уралдан тийшээ хүлгийн жолоо залсан сурагтай.
Өндөр настай хүнийг эгээ л залуу хүн шиг болгодог, дотоод эрхтэнд нь хүртэл нөлөөлж залуужуулдаг ургамлыг нээн олж шинжлэх ухааны түүхэнд нэрээ үлдээгээд зогсохгүй уг газрыг өмчлөн авч баяжих гэсэн хүсэлтэй хүмүүс шил шилээ дараад Хөвсгөл рүү мордоцгоож байна гэнэ дээ.
Өнгөрсөн жилийн Оскарын шагналыг хуу хамсан “Бенжаминд тохиолдсон хачирхалтай явдал” гэдэг кинон дээр гардаг шиг өндөр настай хүн эргэн залуужсан хачирхалтай явдал саяхан Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд болжээ.
Тус сумын иргэн эдүгээ 86 нас хүрч буй А.Доржханд гуайн толгойны цагаан үс гэнэт хараар солигдож, шинээр дөрвөн араа ургаж, хэдэн жилийн өмнө хараагүй болсон нүд нь эргэн хараа орсон гайхалтай үйл явдал болжээ. Тэрбээр өөрөө ч чухам юунаас болоод ийнхүү үс нь тас хар болж, хараа ороод зогсохгүй ахиад араа шүд нь ургаж эхэлсэний учрыг сайн ойлгохгүй “Сонин юм. Ингээд л ургаад байх юм” хэмээн ярьж суугаа аж.
Эдүгээ 86 нас хүрч байгаа гэхэд Доржханд гуай залуу хүнээс дутахааргүй хөнгөн шингэн бөгөөд уулын хярд мацаж цэцэг ургамал хөөж явахдаа огтхон ч амьсгаадаж ядардаггүй юмсанж. Тэрбээр байнга уул хадаар явж, эмийн ургамал түүдэг маарамба хүн бөгөөд баруун солгойгүй ургамал түүж идээд явдаг учраас чухам ямар ургамал өөрт нь ийм ид шидээр үйлчилсэнийг ойлгохгүй байгаа аж. Магадгүй дотоод эрхтэн нь хүртэл алгуур залуужин шинэчлэгдсэн ч байж болох юм.
Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө огт гараагүй залуужих процесс явуулдаг, хүний генд хүчтэй нөлөөлдөг ямар нэгэн шидэт ургамал Хөвсгөлийн тайгад ургадаг байж магадгүй хэмээн уг хачирхалтай явдлыг сонссон эрдэмтэд дүгнэсэн байна. Иймээс хүнийг хөгшрүүлдэггүй мөнхийн ургамлын эрэлд янз бүрийн хүмүүс баг болон нэгдээд гарч оджээ.
Хэрвээ үнэхээр үл хөгшрүүлэх ургамал Хөвсгөлийн уулнаас олдох юм бол юун Оюу толгой түүнээс ч үнэтэй ботаникийн хүрээлэн тэнд баригдаж манай улс долларыг тэрбум тэрбумаар нь хүүдийлэх буй за. Ямар ч байсан Кубын удирдагч Фидель Кастро, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ир нарын хүмүүс хамгийн түрүүнд уг ургамалыг хэрэглэх захиалгаа ирүүлж бөөн бөөн доллараар булах нь лавтай.
Тэдний араас дэлхийн бүх баячууд Хөвсгөлийн шидэт ургамалаас хүртэхийн тулд Монгол руу зорчин ирж оочер дараалал үүсгэн булаацалдаж олныг гайхашруулах ч юм бил үү. Богдын лүндэнд Монголоос ирээдүйд Майдарын орны ховор хүчтэй ургамал олдоно гэж бичсэн байдаг юм гэсэн. Тэрхүү шидтэй ургамал нь олдож байгаа ч юм бил үү хэмээн айж гайхсан хүмүүс Хөвсгөлөөр нэг байгаа аж. Тун удахгүй энэхүү хачин явдлын талаар гайхаш төрүүлсэн шинэ мэдээлэл сонсогдох буй за.

No comments:

Post a Comment