Wednesday, October 21, 2009




Хүмүүсийн дунд домог болон яригддаг үхлийн аюултай хорхойг олохоор Английн эрдэмтэд
Ричард Фрийман гурван хамтрагчийн хамт 2005 онд Монголын нутгаар хайгуул хийжээ. Хордуулж эсвэл зайнаас цахилгаан гүйдэл ялгаруулан идшээ агнадаг олгой хорхой Монголын говь нутагт байдаг гэж монголчууд ам дамжин ярьсаар өдийг хүрсэн билээ. Энэ амьтны талаар жинхэнэ үнэнийг олохоор хайгуулд гарсан англи мэргэжилтний аяллын тэмдэглэлээс та бүхэнд сонирхуулж байна.
Домогт нууцлагдмал амьтан судлаач, Ричард Фрийман 2005 онд Монголд судалгааны ажлаар иржээ. Тэрбээр монголчуудын зүрхэнд айдас төрүүлсэн дэлхийн хамгийн айдас төрүүлэм нууцлаг амьтны мөрийг мөшгих зорилгоор судалгааны ажлаа эхэлсэн байна. Энэ амьтан нь хүмүүст айдас төрүүлсэн хэдий ч түүнийг харсан хүн тийм ч олон байдаггүй аж.
«Монголын үхлийн хорхой домогт л гардаг. Би энэ судалгааны ажилд гарахаас хэдхэн жилийн өмнө л энэ амьтны тухай сонсож байлаа. Америкийн аялагч, профессор Рой Чапман Эндрю үхлийн хорхойны тухай ойлголтыг анх Өрнөдийн оронд бий болгосон. Монгол Улс социалист дэглэмтэй болсноор энэ амьтны тухай яриа бараг мартагдсан байсан. Чехийн судлаач Иван Макерле 1990 онд явуулсан судалгааны ажлаараа энэ оньсого мэт амьтныг сонирхох сонирхлыг дахин гаргаж ирсэн. Түүнтэй би уулзаж байсан. Монголын нутагт үхлийн хорхойн мөрийг хайх өөр судалгааны ажил хийх санааг бидэнд анх Иван төрүүлсэн юм» гэж Фрийман хэлжээ.
Бид очсон газар бүртээ «Британийн эрдэмтэд үхлийн хорхойг хайж байгаа. Энэ хорхойг олсон хүнийг 50 доллароор шагнана» гэсэн зарлал бүхий хэвлэмэл хуудас тарааж байсан. Үхлийн хорхойг нутгийн иргэд олгой хорхой гэж нэрлэдэг байжээ. Учир нь энэ амьтан цус дүүргэсэн үхрийн ходоодтой адил харагддаг гэж нутгийн иргэд бидэнд хэлсэн юм.
Аяллын явцад нутгийн өндөр настнуудын яриаг сонсож байлаа. Олгой хорхойн тухай олон түүх байдаг. Энэ амьтныг харсан гэх 90 настай өвгөн 16 настай байхдаа олгой хорхойг анх харж байжээ. Хүмүүсийн ярианаас энэ амьтан 60 гаруй сантиметр урт, улаан өнгөтэй, элсэн доогуур гулсан явдаг байжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэвч зарим хүн олгой хорхой саарал өнгөтэй ч гэж ярьж байв.
Бидэндтэй уулзсан ойн байцаагчийн найз гэх настай эр олгой хорхойг гурван удаа харж байжээ. Тэрбээр анх 1965 онд элснээс толгойгоо цухуйлгаж буй хорхойг харжээ. Үүний дараа жил нь уг амьтан хулгана идэж байхыг харсан байна. Харин 1972 онд гурав дахь удаагаа энэ амьтантай таарахдаа чулуугаар цохин алж байжээ. Тухайн үед могойн төрөл зүйлийн талаар эрдэм шинжилгээ судалгаа хийж байсан орос эрдэмтэд энэ амьтныг авч явсан байна.
Үүнээс гадна 1973 онд Монголын Зэвсэгт хүчний армид хурандаа цолтой алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан эртэй уулзсан юм. Хятадын хилийн ойролцоо амьдардаг энэ эр социализмын үед орос цэргийн баазад алба хашдаг байжээ. Тэрбээр бороо орж, үдэш болж байх үеэр олгой хорхой элснээс гарч ирж байгааг харжээ. Олгой хорхойг анх хараад дугуйны гадуур хаймар байна гэж боджээ. Түүний хэлснээр уг амьтан бусдын ярьдаг амьтадтай адил байв. Тэрбээр зургийг нь авахаар аппаратаа аваад ирэх хооронд олгой хорхой явчихсан байжээ.
Энэ аяллаар олгой хорхой нь хэвлээр явагчийн төрөл зүйлийн нэг гэсэн таамгийг би дэвшүүлсэн. Учир нь Монголын эрс уур амьсгалтай говийн нутагт амьдарч байгаа учир хорхой бус хэвлээр явагч болохыг нотолж байгаа юм.

No comments:

Post a Comment