Wednesday, October 21, 2009

Хайгуул хийгээгүй компанид тодорхойлогт өгчээ




Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз эзэмшиж буй компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянан баталгаажуулсан байна.

Шалгалтаар ихээхэн зөрчил илэрсэн байна. Ялангуяа, хайгуулын лицензийг арилжаа наймааны зорилгоор ашиглах гэсэн аж ахуйн нэгж олон байжээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн хайгуул хийх эрхийг дамлах гэсэн оролдлого гаргасан байна. Эдгээр нь нийт зөрчлийн 80 орчим хувийг эзэлжээ. Түүнчлэн, орон нутгийн удирдлагууд хууль зөрчиж, байгаль орчноо сүйтгэх суурийг тавьж байгаа аж. Орон нутгийн байгаль орчныг хамгаалах үнэлгээг сумын Засаг дарга, байцаагчид өгдөг.

Гэтэл үүнийг хуурамчаар хийсэн тохиолдол олон илэрсэн байна. Мөн зарим сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид хайгуулийн үйл ажиллагаа явуулаагүй компаниудад тодорхойлолт хийж өгчээ. Энэ байдал ихэнх аймагт байгаа аж. Ерөнхийдөө хянан баталгаажуулсан талбайн 24.3 хувьд хайгуулын ажлыг газар дээр нь хийгээгүй гэсэн зөрчил илэрсэн байна. Харин 8.5 хувьд дахин шалгалт явуулах шаардлагатай хэмээн үзжээ. Энэ нь орон нутгийн Засаг дарга, байцаагчид болон аж ахуй нэгжүүд бичиг баримт, тооцоогоо дутуу, зөрөөтэй гаргаж өгсөнтэй холбоотой аж. Түүнчлэн, нийт талбайн есөн хувьд байгаль цаг уурын хүндрэлээс шалтгаалж шалгалт хийх боломж гараагүй байна.

No comments:

Post a Comment