Wednesday, October 21, 2009

Монголын төмөр зам олон улсын анхаарлыг татав




Монголд цас орж, гудамж талбайгаар булингартай ус нэлийж, гэрэл дохио ажиллахгүй замын түгжрэл оргилдоо хүрсэн байсан ч өчигдөр төмөр замын олон улсын хуралд оролцохоор ирсэн гаднынхан
Улаанбаатар хотын дээрх байдлыг төвөгшөөсөнгүй. Тэр битгий хэл, Монголд гурав хоногийн өмнө гахайн томуугийн “А” хүрээний вирусийн сэжиг бүртгэгдсэн ч тэд сэжиглэж, сэргийлсэнгүй. Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги гаднынханд тун чиг сонирхолтой байгаа учраас тэр.
Оюутолгойн гэрээ хийгдсэн нь Монголын төмөр замын шинэ хөгжлийн стратеги олон улсын анхаарлыг асар ихээр татаж байгаагийн гэрч гэлтэй. Үүнтэй холбоотойгоор ЗТБХБЯ, “Дэд бүтцийн хөгжил” ХХК-тай хамтарч өчигдөр “Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратеги” олон улсын хурлыг “Чингис” зочид буудалд зохион байгуулав. Хуралд Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагынхнаас гадна Япон, БНСУ-ын Элчин сайдын яамд, УИХ, Засгийн газрын төлөөлөл, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид оролцсон. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И. Якунин нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байв. Өөрөөр хэлбэл, хойд хөршийн бизнесмэнүүд түлхүү байсан гэсэн үг. Мөн БНХАУ-ын Төмөр замын яамны тэргүүн зөвлөх Ван Линшу, БНСУ-ын Төмөр замын сүлжээний хэрэг эрхлэх газрын дарга Чо Хюн Ёонг нар ирсэн байлаа. Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанийнхний боловсруулсан “Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратеги” гэсэн бичиг баримтыг оролцогдын сонорт анх удаа хүргэлээ.
Уг баримт бичгийг боловсруулахад зөвлөх үйлчилгээгээр дэлхийд нэртэй BCG буюу “Бостон” групп “Дэд бүтцийн хөгжил” компанитай хамтран ажиллажээ. Тус группийн гүйцэтгэх захирал болон зөвлөх группийн захирал нар уул уурхайд түшиглэсэн төмөр замыг хөгжүүлэхтэй холбоотой эдийн засгийн ач холбогдлыг судалж, тооцоолж үзсэнээ танилцуулав. Тэдний ярианаас үзэхэд Монголын төмөр замыг урагшаа шууд татаж, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох, Сайншандад боловсруулах үйлдвэр бариад, түүгээр дамжуулж төмөр зам татах хоёр асуудлыг хоёулангийнх нь макро эдийн засгийн үр дүнг судалж үзсэн байна. Ингэхдээ урагшаа шууд төмөр зам татах нь хамгийн төсөв мөнгө хэмнэсэн хялбар бүтээн байгуулалт боловч урт хугацааны стратегит эдийн засгийн үр өгөөж багатай гэж үзжээ. Харин дотооддоо хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспорт хийх нь макро эдийн засгийн ач холбогдолт өндөртэй аж. Тиймээс “Бостон” группийнхний гаргасан төмөр замын олборлолт ба экспортын загвар, Боловсруулах үйлдвэрлэлт ба экспорт гэсэн хоёр загварын сүүлийнх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд илүү үр өгөөжтэй байх нь. Тэд төмөр замын хөгжлийг урьдчилан харахдаа, ДНБ-ий өсөлт, ажлын байр, дэд бүтэц болон нийгмийн чиглэлээр гарах үр дүнг авч үзсэн гэнэ.
Гэхдээ дээрх хоёр загварын алиныг нь сонгох нь Монголын Засгийн газрын мэдэх хэрэг. Түүнчлэн дээрх төмөр замын стратегийг Монголын төмөр замын нэгдсэн сүлжээтэй уялдуулсан. Төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохын тулд Монгол Улс Эдийн засгийн мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Хурлын үеэр ЗТБХБЯ-ныхан ч Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах төсөл боловсруулснаа дэлгэрэнгүй танилцуулсан . Мөн ЗТБХБ-ийн сайд Х.Баттулга, “ОХУ-ын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И. Якунин нар Зүүнбаян-Даланзадгадын чиглэлд төмөр зам барихтай холбоотой санамж бичигт гарын үсэг зурлаа. Ямартаа ч уул уурхайг түшиглэсэн Монголын төмөр замын шинэ хөгжлийн ирээдүй урд, хойд хөрш болон БНСУ-ын сонирхлыг ихэд татаж байна.

No comments:

Post a Comment