Wednesday, October 21, 2009

Ховордсон амьтдын эд эрхтний наймаачдыг баривчлав




Улаан номонд ороход ойрхон болсон баавгай, буга, хүдрийн эд эрхтнийг хил давуулахыг завдсан гэр бүлийн хоёр хүнийг
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд уржигдар Төв аймгийн нутгаас баривчиллаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд оршин суух Г.Ганчимэг гэдэг эмэгтэй нөхөр Н.Оюунбаатарын хамт 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиндаа дээрх амьтдын эд эрхтнийг ачин Замын-Үүд рүү явж байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Үзлэгийн явцад баавгайн 52 ширхэг савар, хүдрийн дөрвөн заар, согооны сүүл 100 гаруй, бугын 60-70 чив тээвэрлэж явсан аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалын мэдээлснээр сүүл, чив нь хөлдүү байгаа учраас нарийн тоог нь гаргаж амжаагүй гэсэн. Өдгөө энэ хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж байна. Сэжигтнүүд түүхий эдийн ченж гэдэг нэрийн дор иймэрхүү хууль бус зүйл хийж байсан бөгөөд хулгайн анчдаас аваад БНХАУ-ын Эрээн дэх түншдээ худалддаг байсан бололтой. Экологи, эдийн засгийн үнэлгээгээр нэг буга 2.5-3, хүдэр дөрөв, баавгай 2.5-3.5 сая төгрөг байдаг.

No comments:

Post a Comment